Үндэсний Дата Төв | Where Information lives...

Контент түгээгч сүлжээ буюу “CDN”

Жил ирэх тусам интернетийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, үүнийг дагаад вебд суурилсан мэдээллийн технологиуд хурдацтай хөгжсөөр байна. Веб хуудас, веб технологид суурилсан програм хангамж дээр ачааллаж буй контентийг түргэн хугацаанд дамжуулж харуулах нь ажиллагааны хувьд чанарын гол үзүүлэлт болдог. Веб хуудасны дундаж хэмжээ 2Мб орчим бол үүнээс 65% -ийг зураг болон медиа контент эзэлдэг.

Контентийг ерөнхий шинж чанараар нь 3 хуваан авч үздэг.

Үүнд:

Динамик контент: Ямар нэг програмчлалын хэлний тусламжтайгаар ажиллагааны явцад боловсруулагдсан мэдээлэл.
Статик контент: Ихэнхдээ шинэчлэгдээд байдаггүй контент. Жишээ нь: Зураг, CSS файл, JavaScript файл гм.
Тасралтгүй урсгалтай (streaming) контент: Веб хөтөч дээр тоглуулагдах дүрс болон дуу авиа агуулсан файлууд.

Дээрх контентийн төрлүүд нь хэмжээний хувьд хоорондоо ялгаатай ба мэдээллийн нэг *пакет контент байрших цэгээс хэрэглэгч байгаа цэгт хүрэх хугацааг “Latency” буюу хүлээх хугацаа гэх ба энэ нь миллсекундээр илэрхийлэгддэг. Иймд хүлээх хугацаа бага байх тусам веб ачааллахдаа хурдан байна гэсэн үг. Энд мэдээж дамжуулах хурд нь интернетийн хурд болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалах хэдий ч газарзүйн хувьд хэрэглэгчдэд ойр, хүлээх хугацаа (Latency) бага байх цэгээс мэдээллийг дамжуулж ажиллагааг хурдасгах зорилгоор контент түгээгч сүлжээ буюу “CDN” технологи үүсч бий болсон ба 1990 оны сүүл үеэс өнөөг хүртэл бусад технологийн өөрчлөлтийг өөртөө шингээн хөгжиж ирсэн түүхтэй. Энгийн ойлголтоор контент түгээгч сүлжээ (CDN) нь газарзүйн хувьд тархаж байршсан олон тооны дата төвүүд дээр ажиллах интернет урсгал дамжуулан өнгөрүүлэх сервер (Proxy Server) хоорондын сүлжээ юм. Контент нь уг сүлжээнд холбогдсон серверүүд дээр хуулбарлагдан байршсанаар аль ойр цэгээс хэрэглэгчдэд хүрэх боломжтой болно. Ингэснээр хандалтын үндсэн веб серверт ирэх ачаалал буурч, контентийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, мөн газарзүйн хувьд олон цэгээс хандах хэрэглэгчдэд веб хуудасны бүтэн унших хурд мэдэгдэхүйц хэмжээнд өснө.

Зураг 1. Контент түгээгч сүлжээг ашиглах болон ашиглахгүй байхын ялгаа.

Контент түгээх сүлжээ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

-Хүргэлтийн хэсгүүд /Delivery Nodes/ - Мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх энэ хэсэгт мэдээллийг өөр дээрээ нөөцлөх програм хангамж ажиллах ба ихэвчлэн хэрэглэгчдэд ойр байх дэд бүтэц дээр байршина.
-Хадгалах хэсэг /Storage Nodes/ - Хүргэлтийн хэсэгт ажиллах програм хангамжийн нөөцлөх мэдээллийг хадгалах зориулалттай.
-Эх үүсвэрийн хэсэг /Origin Nodes/ - Контент бүхий мэдээллүүдийг байршуулж бусад хүргэлтийн хэсэгт тараах эх үүсвэр болон ажиллах зориулалттай.
-Удирдлагын хэсэг /Control Node/ - Контент хүргэлтийн сүлжээний бүхий л хэсэгт мониторинг хийх, замчлах, удирдах зориулалттай хэсэг болно.

Контентийг хамгийн ойр цэгээс хүргэх 2 төрлийн аргачлал бий. Үүнд:

Домэйн нэрийн сервер буюу DNS ашиглах. Энэ нь хэрэглэгч cdn.website.com домэйн нэртэй хүсэлт гаргахад аль ойр “Delivery Nodes” -ийн хаягыг буцаана. “Anycast Routing” техник ашиглах. Энэ нь “Delivery Nodes” -үүд бүгд ижил хаягтай байх ба интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагын замчлах төхөөрөмж дээр аль ойр хэсгээс контентийг хүргэх эсэхийг шийддэг.

Контент түгээх сүлжээг үйлчилгээ хэлбэрээр үзүүлдэг компаниудын ихэнх нь “DNS” ашиглан хийдэг байна.

Жишээ: Google Global Cache

“Google Inc” компанийн контент түгээх сүлжээ болох “Google Global Cache node” –үүд нь Монгол улсын интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд дээр байршдаг. Ингэснээр тухайн байгууллагаас интернетийн үйлчилгээ авдаг хэрэглэгч youtube.com веб сайт дээрээс бичлэг үзэхэд Монгол доторх интернетийн өндөр урсгалаар дамжуулан хурдтай үзэх боломжтой болсон.

Жишээ: http://netflix.com/mn

Бидний мэдэх кино болон дүрст бичлэг төлбөртэйгөөр дамжуулах үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани ихэвчлэн өмнөд америк тивд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол үйлчилгээгээ тэлж энэ оны эхэн сард шинээр манай улсыг оролцуулан нийт 130 гаруй оронд үйлчилгээ үзүүлэх болсон. Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор нийт 6 тивийн 233 байршилд “Open Connect” хэмээх өөрсдийн контент түгээх сүлжээг үүсгэсэн ба Монгол Улсаас кино үзэхэд контентийн урсгалыг хамгийн ойр бөгөөд “latency” бага цэгээс дамжуулж байдаг байна.

Эх сурвалж:

-https://blogs.akamai.com/2015/06/performance-matters-more-than-ever.html

-https://anuragbhatia.com/2014/03/networking/different-cdn-technologies-dns-vs-anycast-routing/