Үндэсний Дата Төв | Where Information lives...

“ТҮЦ” машин ашиглах хөтөч цахим хуудастай боллоо

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор 2013 оноос эхлэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн.

“Үндэсний дата төв” УТҮГ нь 2015 оны 4 дүгээр сараас ТҮЦ машины ашиглалт үйлчилгээг хариуцаж эхэлсэн бөгөөд дамжуулан үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллаж байна.

Одоогоор Монгол улсын хэмжээнд нийт 108 ТҮЦ машин ажиллуулж байгаагаас УБ хотод 78, хөдөө орон нутагт 30 ТҮЦ машинаар дамжуулан 19 нэр төрлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 31 –ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 1954990 иргэнд хүргэсэн байна. Мөн иргэдийн ТҮЦ машины ашиглалт үйлчилгээний талаарх санал хүсэлтийг утсаар хүлээн авч, заавар зөвлөгөөг өгч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

ТҮЦ машины ашиглалт үйлчилгээг сайжруулах, уг машинаар дамжуулан ямар үйлчилгээг хэрхэн авах, хаяг байршлын талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор www.tutsmashin.gov.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ.

Ингэснээр иргэд уг цахим хуудсанд хандаж ТҮЦ машинтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэг дороос, цаг алдалгүй хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.